You can edit almost every page by Creating an account. Otherwise, see the FAQ.

Tsagaan Puntsag

From EverybodyWiki Bios & Wiki

Script error: No such module "AfC submission catcheck".

Пунцагийн Цагаан, 1959 оны 4 дүгээр сарын 4-нд одоогийн Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Булган, Сөнхөл хэмээх хоёр голын бэлчир Ихэм хэмээх үзэсгэлэнт газар Пунцагийн гурав дахь хүү болон төржээ. Хоёр ах, нэг эгч, хоёр дүүгийн хамт өссөн. Аав, ээж нь хоёулаа Алтайн урианхай. 1966–1976 онд ерөнхий боловсролын дунд сургуульд сурсан. Төрсөн нутагтаа анх бага сургуульд орж, тавдугаар анги төгсөх үед Улаанбаатар хот руу шилжиснээр Нийслэлийн 21 дүгээр сургуулийг төгссөн. Аравдугаар ангиа “Таван онцын эзэн” тэмдэгтэй дүүргэсэн. Аравдугаар ангийг таван бүлэг төгсгөхөд сурлагаараа хоёрдугаарт жагсдаг сайн сурагч байв. Тухайн үед “Таван онцын эзэн” тэмдгээр бүх хичээлдээ улирал дараалан онц сурсан, онц төгссөн сурагчийг шагнадаг байж.

“Тухайн үед хүмүүс 21-р сургуулийг “хогийн” 21 гэж хочилдог байсан. Сахилгагүй, дэггүйдүү сурагч олон байсан болохоор л тэгсэн байх” 1976 онд конкурс буюу их, дээд сургуульд элсэн орох шалгалт өгсөн боловч шалгалтын коммисын буруугаас "тэг" оноо авч шалгалтад унасан гэдэг. "Өөрийн толгойгоороо бичсэнийг маань ном хуулсан байх гэж үзээд шалгалтад унагасан туйлын шударга бус дээрх тохиолдол намайг шударга бусын эсрэг, шударга ёсны төлөө тэмцдэг болоход их нөлөөлсөн мэт санагддаг. Гэр бүлийн хүмүүжил ч нөлөөлсөн байх. Аав маань ч намайг дагуулаад хөлөө хөштөл явсан боловч үр дүн гараагүй" гэж нэгэнтээ дурссан байдаг. Ингээд, гадаад бүү хэл, дотоодын дээд сургууль ч үгүй хоцорч, арга буюу магадгүй бурхны тааллаар Хууль цаазын дунд сургуульд орж суралцсан гэдэг. Тэнд эхнэр Д.Эрдэнэцэцэгтэйгээ анх танилцсан. 1979 онд Хууль цаазын дунд сургуулийг онц дүнтэй төгссөн.

1980-аад онд Хууль цаазын дунд сургуулийг төгсөх жил тухайн үед Шүүх яамны сайд байсан Бираагийн Чимэд гуай дуудаж, Шүүх яамны нэр дээр сургуульд явуулна гэв. Гэтэл гадаадын хуваарь байхгүй болж таараад МУИС-ийн хуулийн ангид урилгаар элсэн суралцсан. Гэвч удалгүй МУИС-ийн нэгдүгээр ангид онц суралцсан 15 оюутнаас шалгалт авч гурвыг нь шалгаруулан Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд сургуульд явуулах болсон. Үүний нэгд багтаж 1980 онд Москва хотын МГИМО буюу Олон Улсын Харилцааны Дээд сургуульд суралцаж хуульч-олон улсын эрх зүйч мэргэжлээр 1985 онд төгссөн.

1985 онд сургуулиа төгсөж ирээд ажлын гараагаа Монголын Үйлдвэрчний Эвлэлд (МҮЭ) багш гэдэг тушаалын ажилтай боловч гадаад харилцаа, хуулийн референтээс эхэлсэн. Хорин хэдхэн насандаа Женевт Олон улсын хөдөлмөрийн байгууллагын чуулганд Монголын хөдөлмөрчдийг төлөөлж, 3000 хүний өмнө анх гарч үг хэлж байв. Хурлын хүндтэй индэр дээр үг хэлж байтал гэнэт дэлхийн 150 гаруй орны Засгийн газар, эзэд, хөдөлмөрчдийн төлөөлөгчдийн өмнө Монголоо, Монголынхоо хөдөлмөрчдийг төлөөлж үг хэлж байна, ямар их итгэл, хариуцлага, хувь заяа вэ гэсэн бодол толгойд зурсхийн орж ирээд хоолой зангирч бие хачин болов. Дуу цацруулагчийн хажууд тавьсан хүйтэн уснаас нэг балгачихсан чинь бие тайвширч, үгээ үргэлжлүүлж байж билээ. Монголын нийгэм буцалж байсан үед О.Очиржав, Ц.Сүхбаатар, П.Цагаан нар С.Ганболдын төмөр замд байдаг гэрт нь цуглан ярилцаж, нийгмийг гэгээрүүлэх санаатай өгүүлэл бичдэг байлаа. Тэр үед Монголын Ардчилсан Холбоо (МоАХ), Оюутны холбоо, Үндэсний шинэ дэвшил, СоцДек гээд зохион байгуулалттай дөрвөн хөдөлгөөн байгуулагдсан. Тухайн үед англи хэлтэй хүн цөөн байсан болохоор Монголын Оюутны Холбооны (МОХ) гадаад харилцааны ажилд тусалж зөвлөх, бичиг захидал бичих зэргээр хамтран ажилладаг байв.

Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын чуулганд үг хэлэхээр гурван жил дараалан явсан юм. Ингэхдээ тус байгууллагын номын сан, Женев дэх НҮБ-ын номын санд сууж гадаад хэл дээр хэвлэгдсэн Монголын улс төр, түүх, хуультай холбоотой дэвшилтэт үзэл санаатай боловч манай улсад хориотой ном хэвлэл, илтгэлийг уншиж, хувилж авдаг байсан. Анх тэнд л хувилагч канон машин үзэж, ажиллуулж сурч байв.

1990-ээд оны үед “Ардчилал” болон бусад сонин дээр Монголын түүхтэй холбоотой материал орчуулж гаргадаг байсан. Тухайн үеийн Үндсэн хуулийн 82 дугаар зүйлд “МАХН бол нийгмийн удирдан чиглүүлэх хүч мөн” гэдэг заалт Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 87 дугаар конвенцийг зөрчиж байна гэдгийг хөдөлшгүй, хамгийн сайн нотолгоо бүхий илтгэлийг анх гаргаж тавьсан болно. Энэ нь тухайн үед нийгмийг өөрчлөхөд чамгүй нөлөө болсон. МоАХ мөнгөгүй болж хүнд байдалд орсон үед МоАХ болон МҮЭ-ийн төв зөвлөлийн хооронд зуучилж хамтран ажиллах гэрээ байгуулан МҮЭ-ээс 500 мянган төгрөг өгч тусалж байсан. Жич: Тэр үеийн 500 мянган төгрөг гэдэг одоогийн 500 сая төгрөгтэй дүйцэхүйц хэмжээтэй мөнгө. Ш.Батбаяр дарга иргэний их зориг гаргасныг түүх мартах ёсгүй гэж боддог. 1990 онд Улсын Бага хуралд гавьяат хуульч Бираагийн Чимэд гуайн туслахаар ажиллах болов. Б.Чимэд дарга тухайн үед шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулж байсан юм. Тэр үед компьютер байдаггүй учраас даргынхаа гар бичмэлийг бичээчид дуудаж бичүүлнэ. Бичгийн машинаар бичсэнийг нь дахин нягталж уншина. Энэ мэтээр шинэ Үндсэн хуулийн төслийг хамгийн олон удаа уншсан юм.

1992 онд Үндсэн хууль батлагдсаны дараа Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын шадар туслахаар 1995 он хүртэл ажилласан. Түүний дараахан Монголын анхны хувийн банкны нэг Голомт банкинд анхны Гүйцэтгэх захирлаар томилогдож, хувьцааных нь тодорхой хувийг эзэмшдэг байлаа. Голомт банкинд 1996 он хүртэл Ерөнхий захирлаар ажилласан.

1998 онд Монгол Улсын Сангийн сайдаар ажилласан. Сангийн сайд байхдаа дараах ажлыг санаачлан хэрэгжүүлжээ. Орон сууцны хувьчлал Банк санхүүгийн салбарын шинэчлэл Ажлын таван өдөрт шилжих “Ногоон хувьсгал”-ын эхлэл Сумдыг цахилгаанжуулах зэрэг эдийн засаг, санхүүгийн олон реформыг амжилттай хэрэгжүүлсэн. Монгол Улс гаднын улсуудаас олон төрлийн хөнгөлөлттэй зээл, тусламж авах үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэв.

Гаагийн Олон улсын эрх зүйн академи, Европын холбооны Маастрихтын засаг захиргааны сургууль, АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн Хуулийн сургуульд Үндсэн хуулийн эрх зүй, Үндэсний аюулгүй байдал, санхүү, эдийн засаг, хүний эрхийн чиглэлээр, Токиогийн Олон улсын валютын сангийн сургуульд мэргэжил дээшлүүлсэн. 1999 онд хөдөөгийн малчдад зориулсан “Буман нарны гэрэл” хөтөлбөрийг санаачилж хэрэгжүүлэхэд оролцов. Тус хөтөлбөрийн үр дүнд 500 мянган малчин өрхийн ахуй амьдралд чанарын өөрчлөлт гарч, тэд гэрэл цахилгаантай болж, зурагт үзэж эхэлсэн. 2004 – 2006 онд Монгол Улсын Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Хөдөөгийн сургуулийг хөгжүүлэх хөтөлбөр Боловсролын салбар дахь хандивлагчдын механизмыг анх бий болгосон, үр дүнд түргэн хүрэх санаачилгын (Fast Track initiative) сангийн 30 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламжаар орон нутгийн цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүчин чадлыг нэмэгдүүлэх, тохижилтыг сайжруулах ажлыг эхлүүлсэн. Багийн болон сумын төвийн бага сургуулийг дэмжих “УНШ” ( READ) төслийг Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар эхлүүлж анги бүрийг “Номын сан”- тай болгосноор хүүхэд ном уншиж, аав ээжтэйгээ хамтарч өөрсдөө ном бүтээдэг болов. Хархоринд орчин үеийн музей байгуулах гэрээ байгуулж, ажлыг нь эхлүүлэв. Япон Улсын дэмжлэгтэйгээр Палентологийн музей байгуулах ажлыг өрнүүлэв. Археологийн анхны музейг байгуулсан. Монгол Улсын соёл урлагийн байгууллагууд, аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллах эхлэлийг тавив. 2006 оноос УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Дэд бүтэц, эрдэс баялаг, эрчим хүчний зөвлөхөөр ажиллах болсон. 2012 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болж 2016 онд өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгсөн. 1996 оноос бизнесийн салбарт хэд хэдэн групп компанийн ТУЗ болон Гүйцэтгэх удирдлагын алба хашиж байгаа Монголын бизнесмэн. УИХ-ын хурлын сонгуульд хоёр удаа, Ардчилсан намын даргын сунгаанд нэг удаа өрсөлдөж байсан улстөрч, бизнесмен, түүх - өв соёлоо нандигнан дээдлэгч юм. Олон улсын эдийн засагч, эрхзүйч мэргэжилтэй. Докторын зэрэгтэй. Хоёр хүүхдийн аав.

  • Түүний удирдаж, ажиллаж байсан байгууллагууд:
  • Монголын үйлдвэрчний эвлэл
  • Монгол Улсын Бага хурал
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
  • Хөдөлмөрийн яам
  • Голомт банк
  • Делта сан
  • Сангийн Яам
  • Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
  • Степпе Солар ХХК
  • Степпекупер ХХК
  • Степпе арена ХХК
  • ЮНЕСКО
  • World Economic forum
  • Оюутолгой ХК
  • Чулуун Шастир ТББ
  • Монголын Урлагийн зөвлөл
  • Монголын байт харвааны холбоо
  • Монголын эдийн засгийн форум
  • Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв

References[edit]

  1. http://tsagaan.mn/
  2. https://en.wikipedia.org/wiki/Mongolia_Economic_Forum
  3. http://chuluunshastir.org/
  4. http://aimagindex.mn/
  5. http://www.nogoonhutuch.mn/
  6. https://ecrc.mn/
  7. https://archery.mn/
  8. http://artscouncil.mn/
  9. https://www.ot.mn/
  10. http://steppearena.mn/
  11. http://steppecopper.mn/
  12. https://iite.unesco.org/governing-board/puntsag-tsagaan/
  13. https://www.weforum.org/people/tsagaan-puntsag
  14. https://president.mn/
  15. http://steppesolar.mn/
  16. https://www.golomtbank.com/en/about-bank/management/management-team
  17. https://mof.gov.mn/static/ministers
  18. Tsagaan Puntsag


This article "Tsagaan Puntsag" is from Wikipedia. The list of its authors can be seen in its historical and/or the page Edithistory:Tsagaan Puntsag. Articles copied from Draft Namespace on Wikipedia could be seen on the Draft Namespace of Wikipedia and not main one.

Page kept on Wikipedia This page exists already on Wikipedia.